Премьер
лиг

5

Аваргуудын
лиг

1

Английн
цом

7

Лигийн
цом

5
Хэвлэл
ОЛОН ТАЛТ КОНТЕ
2017-07-21
Антонио Конте “цэнхрүүдтэй” 2 жилийн шинэ гэрээ байгуулсны дараа бид италийн хөл бөмбөгийн эксперт Жеймс Хорнкаслтай ярилцсан.
 
Өнгөрсөн 8-р сард “Челсийг” АПЛ-т аваргална гэж төсөөлж байсан хүн цөөхөн, гэвч амжилтанд итгэж байсан хэдэн хүний эгнээнд Хорнкасл байсан. Түүний зөв болж, Конте Английн аварга болж АПЛ-т дээд амжилт тогтоосон 30 ялалтыг байгуулсан.

Контег өмнө нь “Ареццо”, “Бари”, “Ювентуст” ажиллаж байхаас л Хорнкасл түүний карьерыг гярхай ажигласаар байсан гэлээ. Контегийн өнгөрсөн улиралд 3 хамгаалагчтай тоглох шийдвэр нь түүний шилдэг чанаруудын нэг болсон гэдгийг Хорнкасл “Челсийн” албан ёсны сайтад өгсөн ярилцлагадаа тайлбарласан байна.

“Энэ бол Контегийн болон бусад итали дасгалжуулагчдын ялгаатай тал. Тэд хэзээ ч нэг системд гүнзгий ордоггүй бөгөөд өөрчлөгдөж, дасан зохицох чадвартай байдаг. Контег “Челсид” ирэхэд бүгд л түүнийг 3 хамгаалагчтай тоглох болно ойлгомжтой гэж ярихыг сонсоход хөгжилтэй байсан. Гэвч энэ тийм биш”.

“2011 онд Конте “Ювентусыг” удирдаж байхад “Антонио ,зөвхөн 4 хамгаалагчтай нэг л системээр тогло” гэж түүнд зөвлөцгөөж байсан. Энэ бол хамелеоны чадвартай адил зүйл. Конте багийнхаа хүчтэй талыг үзүүлэх ёстой, өнгөрсөн улиралд тэд ямар хол явсны нэг шалтгаан нь энэ юм”.
 
“Гэвч энэ бол зөвхөн тактикийн асуудал биш, хэрэв та бүгд түүний карьерыг эргэн харах юм бол зөвхөн сайн тактиктай байх нь хангалттай биш гэж Антонио үргэлж ярьдаг байсан. Зөвхөн сайн харилцаа тогтоох нь ч хангалттай биш, одоо үед сайн дасгалжуулагч байхад маш их зүйл шаардлагатай”.

“Миний сэтгэлийг хамгийн их догдлуулсан зүйлийн нэг нь түүний багтаа авчирсан менталитет болон ажлын хэв маяг байсан. Үүнийхээ хажуугаар тэр өрөвдөх сэтгэлгүй сахилга батын төлөө байгаагүй, үнэндээ тэр маш сэтгэл татам хүн бөгөөд илүү их инээмсэглэж байсан”.

“Өнгөрсөн улиралд бүх зүйл өөрөөр болох үеүд олон байсан, одоо болтол олон хүмүүс улирлыг эргэн хараад ялалтын жагсаал байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Түүнд шийдэх маш олон асуудал байсан, үүнийг тэр маш сайн хийсэн”.

Хорнкаслын бодлоор бол Конте “Лечче”,”Ювентус” болон Италийн шигшээд ажиллаж байх үеэс удирдах хэв маягаа олж авсан гэнэ.

“Тэр өөрийн тоглогчиддоо А хувилбар, Б хувилбар, В, Д хувилбарыг санал болгодог. Үйл явдлын ямар ч эргэлтэнд тоглогчдоо бэлэн болгодог. Ямар ч нөхцөлд юу хийхээ тоглогчид нь мэдэж байдаг. Боломжтой тийм олон хувилбар байгаа үед энэ нь танд тайвшрал, итгэл өгдөг. Энэ нь багт жинхэнэ хүч чадлыг олоход нь тус болдог. Үүний эсрэг тоглоход маш хүнд”.

“Челси” удаан хугацааны турш Италитай хэлхээ холбоотой болсон нь нууц биш. Сүүлийн хорин жилд клубт Роберто Ди Маттео, Карло Антелотти, Жанлука Виалли, Жанфранко Зола нар ажиллаж байсан.

“Өнгөрсөн улирлын маш сонин зүйлүүдийн нэг нь “Челсийн” тоглолтууд, нэгэн зэрэг явагдаж байгаа Сери А-ийн тоглолтуудаас хамаагүй олон үзэгчидтэй байсан явдал юм. Конте Италид ажиллахгүй байгааг үл харгалзан түүн дээр маш олон хүний анхаарал төвлөрч байна. Италийн шигшээг орхих үед түүнийг дэлхийн шилдэг дасгалжуулагч болно гэдэгт италичууд эргэлзээгүй юм”.

“Тэд Контегоор маш их бахархдаг, ялангуяа Европт хийсэн ажлаар нь. Хэдийгээр Итали тэмцээнд түрүүлээгүй ч, португали, герман, франц хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх юм бол италичуудын Бельги, Испанитай хийсэн тоглолт хамгийн шилдэг байсан. Гэвч “Челси” бол АПЛ-ийн хамгийн итали баг гэдэгт эргэлзээ байхгүй” гэж Хорнкасл яриагаа өндөрлөжээ.